Нидерландын засаг, хурал, шүүх байгууллага Амстердамд байрладаггүй. Харин вангийн ордон Амстердамд байх ба 1814 оноос Амстердамыг албан ёсоор улсын нийслэл болгон баталжээ. Нидерланд орны баруун хэсэг, Умар Холланд мужийн нутагт Амстел Эй хоёр голын бэлчирт оршиж, Умард тэнгистэй Норзеканал усан сувгаар холбогддог. 2012 оны 1 сарын 1-ний бүртгэлээр Амстердам хотод 801,847 хүн[1], хүй дүүргийг тооцвол 2.3 сая хүн оршин сууж байна. Амстердамыг багтаасан 6.7 сая хүн бүхий Рандстад хотын бөөгнөрөл Европтоо зургаадугаар том нь юм. Хотын нэр «Амстел» + «дам» (Амстел голын далан) хоёр үгний нийлэмж юм. XII зуунд загасчны суурин байснаа Нидерландын алтан үед олны газар болж дэлхийд чухал далайн боомт байж, худалдаа, санхүү цэцэглэжээ. Амстердам хот нь Нидерланд улсын санхүү, соёл урлагийн төв нь юм. Олон байгууллага, банкуудын төвүүд энд байрлана. Евронекстийн хэсэг Амстердамын хөрөнгийн бирж нь хотын төвд байрладаг. Түүхэн суваг каналууд, улсын музей (Rijksmuseum), Ван Гогийн музей, Анна Франкын байшин, улаан дэнлүүний гудамж болон олон хар тамхины кафенууд нь жил бүр 4.2 сая жуулчныг татдаг.